0-2 настай хүүхдийн нас зүйн онцлог
Сэтгэгдэл үлдээх

15-24 сартай хүүхэд

Энэ насны хүүхэд ээж, аавынхаа эрхшээлд байснаа өөрийн гэсэн бодол санаатай, бие даасан хүн болж эхэлнэ. Аливаа зүйлийг өөрийн биеэр таньж судлах чадвартай болно. Тэрээр олон үг хэллэг, заавар мэддэг болсны ачаар өөрийн хүсэл сонирхлыг илэрхийлнэ. Юмыг идэвхтэй, түргэн сурдаг энэ үед нь хүүхдийн хөгжилд сайн нөлөө үзүүлэх хэрэгтэй.

  • Илүү их бие даасан байдалтай болж, өөрийн хүсэл хэрэгцээгээ илэрхийлнэ.
  • Таны хэлснийг албаар үгүйсгэж голчлон “үгүй” гэж хэлнэ.
  • Олон үг ойлгож, зааврыг дагана. Энгийн үг хэллэг хэлж эхэлнэ.
  • Таныг болон өөрийнхөө эргэн тойронд байгаа хүмүүсийг ажиглана, сонсоно, дуурайна.
  • Гар, эрхий хуруу, хөхөлтөө хөхнө. Зөөлөн тоглоомоор тоглоно.
  • Танаас салах дургүй.
  • Явах, гүйх тонгойх, юманд авирах, шидэх, тийчлэх үсрэх зэргийг сурна.
  • Хүрээлэн байгаа орчноо чөлөөтэй судална.
  • Аливаа юмны тухай бодож, энгийн саад бэрхшээлийг даван туулна.
  • Өөрөө тоглоомоо салгаж аван, буцааж тавина. Тоглоомоор янз бүрээр бие даан тоглож наадна.
  • Шоог овоолон, түүгээр байшин барилга барина.
  • Өндөрт байгаа зүйлд хүрэхдээ сандал дээр авирах зэргээр бага зэргийн саадыг давж сурна.
  • Зурагтай ном үзэж, зургийг танина. Номын хуудсыг эргүүлнэ.
  • Бие даасан байдлаа батална.
  • Өөрийн хүсэл хэрэгцээ, бодол саналаа илэрхийлнэ.
  • Таны үйл хөдлөлийг дуурайна. Хариуцлага хүлээх болсондоо баяртай байна.
  • Жижиг аяганаас цай ууж, жижиг халбага, сэрээг өөрөө гартаа барьж, хэрэглэж сурна.
  • Хувцсаа тайлдаг болно.
  • Урагшаа, хойшоо алхана.
  • Тонгойж юм түүж авна, гүйнэ, юманд авирна. Харин гүйж байгаад хурдан зогсох, өнцөг гаргаж эргэх нь хэцүү байж магадгүй.
  • Гараараа юмыг овоолж, салгаж байрлуулж, сараачиж чадна.
  • 4 дугуйт унаж, бөмбөг шидэж, өнхрүүлж чадна.

 

9-14 сартай хүүхэд

Энэ насны хүүхэд хүрээлэн буй орчноо бие даан үзэж, харж, судалж чаддаг болно. Орчныхоо болон өөрийнхөө хийж чаддаг болсон зүйлийнхээ тухай их сонирхоно. Зарим үг хэллэгийг ойлгож, илүү их мэддэг, ойлгодог болохыг эрмэлзэнэ. Гэр бүлийнх­ний хувьд хүүхдэдээ их сэтгэл тавьж, дэмжиж байвал зохих үе юм.

  • Их сониуч нас
  • Өөртөө байгаа зүйлийг сэгсрэх, цохих, түлхэх, унагах, шидэх зэргээр идэвхтэй судална.
  • Жижиг зүйлийг амандаа хийж сонирхоно.
  • Хүмүүсийн үйлдэж байгаа үйлдэл, хөдөлж байгаа эд юмсыг харна. Тантай, төрөл төрөгсөд, найз нөхөдтэйгөө нийгмийн харилцаанд орж эхэлнэ.
  • Ямар нэг тоглоомоо хөдөлгөж чадахгүй байвал уурлан бухимдана.
  • Олон үг ойлгодог болно.
  • Энгийн хүсэлт, шаардлага, зааварт хариу өгнө.
  • Өөрийнхөө хэрэгцээ, хүслийг дохио зангаагаар илэрхийлнэ.
  • Таныг өөртэй нь хамт тоглож, харилцаж байвал баяртай байна.
  • Өөрийн дур хүсэл, уур цухлаа танд болон гэр бүлийн бусад гишүүд, найз нөхдөдөө илэрхийлнэ.
  • Өөртөө сонирхолтой зүйлийг дахин давтан хийнэ.
  • Тоглоом нуусан газрыг санана.
  • Өөрөөс нь авсан тоглоом, эд зүйлийг хайна.
  • Дугуй дүрсийг дугуй нүхэнд нь тааруулж хийнэ.
  • Хүмүүсийн хийж байгаа энгийн үйлдлийг дуурайна.
  • Мөлхөх, юм түшин тойрч явах, хүний туслалцаатайгаар юм уу, ганцаараа алхах зэргээр чөлөөтэй хөдөлнө.
  • Бөмбөг шиднэ.
  • Жижиг зүйлийг барьж авах, дөрвөлжин дүрсээр цамхаг барих зэрэгт долоовор хуруугаа оролцуулна.
  • Өөрөө унтана, шөнө хооллох буюу бусад шаардлагаар сэрэхгүй.
  • Өөрийнхөө хэрэгцээ, хүслээ илэрхийлэхдээ янз бүрийн дуу авиа гарган, дохиж зангана.
  • Ямар нэг үг хэлэх гэж шулганан, цөөхөн үг хэлэх гэж оролдоно.
  • Шүлэг, жингэнэх дуу, хүүхдэд зориулсан телевизийн нэвтрүүлэг, зар сурталчилгаа зэргийг цөөхөн хором сонсоно.
  • Хүний яриаг анхааралтай сонсож ажиглана.
  • Өөрийнхөө хийж байгаа үйлдлийн үр дагаврыг нээж, илрүүлж мэдэхийн тулд юмыг үзэж, харж, сорьж, туршина.
  • Танихгүй хүнээс бишүүрхэж байгаагаа уйлахаар илэрхийлнэ.
  • Таны анхаарлыг өөртөө татахыг хичээнэ.
  • Өөрт нь ямар нэг зүйл хэрэгтэй болбол танд үүнийгээ илэрхийлнэ.
  • Дур хүсэл, уур уцаараа илэрхийлнэ.
  • Хүмүүсийн хийж байгаа үйлдлийг ажиглан дуурайна.
  • “Үгүй” гэсэн үгийн утгыг мэднэ.
  • Өөрийнхөө ололт амжилтанд бахархана.
  • Өөрөө босож зогсон, юм түшиж тойрч явна. Буцаад өөрөө сууна.
  • Хүний тусламжтайгаар алхана.
  • Шат уруу болон намхан зүйл рүү авирна.
  • Ганцаараа зогсоно.
  • Бөмбөг шиднэ.
  • Хуруугаараа заана.
  • Нарийхан зүйлийг долоовор, эрхий хуруугаараа чимхэж авна.
  • 2-3 ширхэг шоогоор цамхаг барина.
  • Халбагаар юмыг хутгана.

5.6-8 сар

Энэ насны хүүхэд чөлөөтэй хөдөлж, орчин тойрныхоо зүйлийг өөрөө үзэж, харж, судалж эхэлснээр тоглоомоо бүр ч их сонирхоно. Ялангуяа хүүхэд нүдэх, шажигнуулах, сэгсрэх, унагах зэрэг янз бүрийн шажигнадаг тоглоомыг илүү сонирхон судална. Хүүхдийн хувьд идэвхтэй хөгжлийн үе юм.

  • Юмыг шидэх, нүдэх, унагахад яаж дуугарч байгааг мэддэг болно.
  • Юу харж, сонсож байгаагаа мэдрэн, шинэ зүйл мэдэж авахаар хайна.
  • Урд сонсож байсан танил дуугаа танина. Өөрийнхөө гаргаж байгаа дуу авиаг сонсон хөөрөн баясна.
  • Үргэлж давтагдаж байдаг үгийн утгыг ойлгоно. Олон давтан хэрэглэгдэж байгаа “ээж, аав, баяртай” гэх мэт үгийн утгыг ойлгоно.
  • Ойр дотныхоо хүмүүсийг харан инээн баясаж, харилцсандаа баяртай байна.
  • Таны үйлдлийг дуурайхыг оролдож байгаадаа баяртай байх болно.
  • Таних, танихгүй хүмүүсийг ялгана. Эргэн тойронд нь танихгүй хүн байвал бишүүрхэж, өөрт нь хүрвэл тавгүйтнэ.
  • Илүү их хөдөлгөөнтэй болж, мөлхөнө. Өөрөө ганцаараа сууна.
  • Өнхөрч хөрвөн биеэ чөлөөтэй хөдөлгөнө. Юм түшиж босно.
  • Зан төлөв нь түргэн өөрчлөгдөнө.
  • Шүлсээрээ тоглон янз бүрийн дуу чимээ гарган, түүндээ баярлана.
  • Хүний хэлж байгаа зарим үг, хэллэгийг ойлгоно. Ба, да, ма, на гэх мэт үеийг хэлнэ.
  • Унагаж, шидэж, нүдэж байгаа зүйлээ ажиглана. Унагасан, нуусан зүйлийг үзэж, харж судална.
  • Янз бүрийн дуу авиаг сонсон, сонирхолтой зүйлийг харан шургуу судална.
  • Хийж байгаа үйлдлийнхээ талаар мэднэ.
  • Сонирхолтой зүйлээ шургуу судална. Орчин тойрныхоо зүйлийг үзэж, харж, судалж байгаадаа баясна.
  • Жижиг зүйл, тэдгээрийн учрыг судална.
  • Ямарваа зүйлийг үзэхдээ амандаа хийнэ.
  • Гэр бүлийнхэнтэйгээ болон найз нөхөдтэйгээ тоглон, нийгмийн харилцаанд орж байгаадаа баяртай байх болно.
  • Тоглоомондоо таатай хандана. Тоглоомоо нэг гараасаа нөгөө гартаа шилжүүлж, тогшиж, даллан савчиж, шидэлнэ..
  • Алчуур малгайгаа авна.

3.5-5.5 сар

Энэ насны хүүхэд чөлөөтэй хөдлөн орчин тойрноо идэвхтэй үзэж, харж судална.Хүүхдийн хувьд энэ сарууд бол сэтгэл татам үе юм.

  • Орчныхоо зүйлсийг сонирхоно.
  • Тоглоомоо гараараа барин барьсан зүйлээ амандаа хийнэ. Орчин тойрныхоо дуу авиаг сонирхон, тааламжтай байдлаар хариу үйлдэл үзүүлнэ.
  • Нүдэнд нь харагдаж байгаа зүйл хөдөлж, өөрчлөгдөхийг гайхан харна.
  • Юмыг маш сайн атгаж, барьж чадна.
  • Гартаа барьсан зүйлээ сонирхон үзнэ.
  • Мэддэг, мэддэггүй дуу авиа гаргана. Сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж удаан уянгалуулан гунгана.
  • Дуу авиаг анхааралтай сонсож, хариу үйлдэл үзүүлнэ.
  • Танихгүй хүмүүсийн дуунаас аав, ээжийнхээ дууг ялгана.
  • Өөрийн бодол саналаа илэрхийлж, хүмүүстэй харилцахдаа удаан уянгалуулан гунганана.
  • Таньдаг хүмүүс рүүгээ харан инээмсэглээд дуу авиа гаргах буюу гар хөлөө сунгана. Дахин дахин инээмсэглэж, сэтгэл хангалуун байдалтайгаа илэрхийлнэ.
  • Тэвэрвэл баярлана.
  • Тал тал тийшээ эргэж хөрвөнө.
  • Толгойгоо өргөнө.
  • Тийчлэх, хөлөө жийх, гараа алдлах дуртай.
  • Хүний өвөр дээр сууна.
  • Өөртөө сонирхолтой зүйлийг гар хуруугаараа барьж атгана.
  • Өлгөөтэй зүйлийг гар хөлөөрөө хөдөлгөн барьж авахыг оролдоно.